“ЭРДЭНЭТ ТЕКС” ХХК

2014 оны 4-р сард Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр “Эрдэнэт хивс” ХХК-ийн бизнес нэгжүүдийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, цаашид хөгжлийн шинэ шатанд гаргахаар “Эрдэнэт Текс” ХХК-ийг бие даасан компани болгон өөрчлөн зохион байгуулсан.

Монгол хонины бүдүүн, бүдүүвтэр ноос, тэмээний ноос, сарлагийн хөөврөөр хийгдсэн бүтээгдэхүүнүүд нь хүн бүрийн алжаалаа тайлах орчин болох айл гэрийн амралтын өрөөнд тав тух, тансаг байдлыг бүрдүүлсээр ирсэн тус компани өнөөдөр үндэсний үйлдвэрлэлийн томоохон төлөөлөгч болсон төдийгүй дэлхий 10 гаруй оронд бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлдэг болжээ.

Будагч бодис, химийн элемент агуулаагүй экологийн цэвэр бүтээгдэхүүнүүд нь удаан эдэлгээтэй, жилийн аль ч улиралд хэрэглэхэд тохиромжтой байдаг ба хүний биед харшил үзүүлдэггүй, халуун хүйтэн, хуурай чийгтэй ямар ч нөхцөлд агаарын солилцоог сайжруулж, тэнцвэржүүлдэг онцлогтой.

Үйлдвэрийн хүчин чадал (жилд): 2400т ээрмэл 8000т бохир ноос угаах 25,000ш эсгий шаахай 12,000ш эсгий гудас 60,000м гэрийн эсгий
Ажиллагсдын тоо: 500 гаруй
Нэрийн бүтээгдэхүүнүүд: - Угаасан ноос - Эсгий гудас, эсгий гутал, шаахай - Гэрийн эсгий - Ноосон ээрмэл - Бусад эсгий эдлэл - Барилгын дулаалгын материал
Экспортын хэмжээ: Нийт үйлдвэрлэлийн 5%
Экспортлогч улсууд: АНУ, Норвеги, ОХУ

Хөрөнгө оруулалт

Дэлхий нийтийн хэрэглэгчдийн чиг хандлага байгалийн натурал ширхэгтээр хийсэн, хүний бие, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн хэрэглэхэд шилжиж байгаа өнөө үед малын гаралтай түүхий эдээр үйлдвэрлэл явуулж буй тус компани үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, монгол ноос, ноолуурын ашиглалтыг нэмэгдүүлэх, технологийн хаягдлыг бууруулахаар тоног төхөөрөмж, техник технологийн хөрөнгө оруулалт тогтмол хийсээр ирсэн.

Байгальд ээлтэй, цэвэр үйлдвэрлэл

“Эрдэнэт Текс” ХХК нь байгальд ээлтэй, технологийн хаягдалгүй цэвэр үйлдвэрлэл болох алхмаа үйлдвэрийн дамжлага байх цагаасаа хэрэгжүүлж эхэлсэн ба урт хугацааны судалгаа, туршилтын үр дүнд 2014 оноос эхлэн технологийн хаягдал, хоёрдон түүхий эд ашиглан барилгын дулаалгын материал үйлдвэрлэж эхэллээ.

Олон улсын чанарын гэрчилгээ

Тус компани нь нь чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр Чанарын удирдлагын ISO 9001:2008 стандартыг хэрэгжүүлсэн улсын 2 дахь компани, цэвэр ноосон эдлэлийн хамгийн нэр хүндтэй “Woolmark” болон “Woolmark Blend” тэмдгийг эзэмшигч улсын анхдагч компани болсон.