ЭЭРЭХ ҮЙЛДВЭР

“Натурал Текстайл Групп”-ийн Ээрэх үйлдвэр нь ноолуур, хонь, тэмээний ноос, сарлагийн хөөврийн дан болон давхар ээрмэл үйлдвэрлэхээр 1981 онд ашиглалтанд орсон.

Эрс тэс уур амьсгалыг даван туулдаг монгол хонины бүдүүн ноосыг хагас нарийны ээрэх системд ашиглаж эхэлснээр ноосон ширхэгтийн хогт хольц, хаг, бөл цөл багасч, жигдлэг, сайн чанарын ээрмэл үйлдвэрлэн, өнөөдөр дотоод, гадаад зах зээлийн хэрэглэгчдийн тусгай захиалгаар бүтээгдэхүүн нийлүүлж байна.

Тус үйлдвэр нь хонь, тэмээний ноос, ноолуурыг байгалийн өнгөөр нь ялгаж, будаггүй, натурал ээрмэл утас үйлдвэрлэхийн зэрэгцээ задгай болон утсаар 30 гаруй өнгө гарган будах хүчин чадалтай.

Ажиллагсдын тоо: 300 гаруй, үүнээс 30% нь 20-30 жил ажилласан
Хүчин чадал Аппаратны ээрэх системээр Nm 4-8 номерийн утас жилд 1200т, хагас нарийны ээрэх системээр Nm 9-18 номерийн утас жилд 800т
Ороолт Томруулан ороох, давхарлан ороох, давхарлан эрчлэх, гогцоолдон ороох, шилжүүлэн ороох
Нэмэлт боловсруулалт Цагаан эрвээхэй, шавж, цахилгаанжилтын эсрэг бодис, галд тэсвэртэй боловсруулалт

Дэвшилтэт техник, тоног төхөөрөмж

Нийт 15 дамжлага бүхий иж бүрэн ээрэх үйлдвэр нь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг тасралтгүй хийж, Монгол хонины ноосонд тохирсон технологийг боловсруулан үйлдвэрийн хүчин чадал, хөдөлмөрийн бүтээмжийг байнга нэмэгдүүлсээр ирлээ.

  • Иж бүрэн ээрэх үйлдвэр: Герман улсын Grossenhainer Textilmaschinebau Ltd фирмийн 25 хүртэл номерын ээрмэл үйлдвэрлэх хагас нарийны 2 шугам 2008 онд суурилуулав.
  • Самнах машин: 2013 онд Франц улсын ЕRА нарийн зүүт самнах машин хагас нарийны шугам дээр суурилуулснаар ширхэгтийн бөл цөл, хаг, хогт хольцоос бүрэн цэвэрлэж, ээрмэлийн жигдлэг сайжирч, өндөр номерын утас ээрэх боломж өргөжив.
  • Ороох машин: АGEN-983 маркийн гогцооноос шилжүүлэн ороох машин суурилуулж, үслэг ноосон утсыг ороож эхлэв.
  • Будах процесс: 2011 онд Герман улсын “Aurich” маркийн будах аппаратны тусламжтайгаар будах процесс автоматжиж, 2014 онд задгай будах 2 аппаратыг шинэчилснээр химийн ширхэгтийг жигд, чанартай будах, хэрэглэгчийн захиалгыг түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой болсон.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа

Бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд тус үйлдвэр дотоод гадаадын хэрэглэгчдийн шаардлага, хэрэгцээг судалж, түүхий эдийг боловсруулах шинэлэг арга, технологи туршин амжилттай нэвтрүүлж байна.

  • Монгол хонины нарийвтар ноосоор 25/3 номерын үслэг утас үйлдвэрлэв.
  • Монгол хонины бүдүүн ноосоор өндөр чанарын 25/3 номерийн ээрмэл үйлдвэрлэв.
  • Монгол хонины нарийвтар ноосоор агшдаг эффекттэй ноосон утас үйлдвэрлэв.
  • Ямааны хялгас, тэмээний ноос, хонины ноосны холиотой утас үйлдвэрлэж, хивс нэхэх үйлдвэрт нийлүүлэв.
  • Монгол хонины ноосыг Шинэ Зеландын сайн чанарын ноостой холих иж бүрэн туршилт судалгааны ажил хийж, Nm 10-15 номерийн утас гарган үйлдвэрлэлд нэвтрүүлэв.
  • Полиэстер ширхэгтийг супер ноос, монгол хонины ноостой хольж туршин Nm 14,5 номерийн ээрмэл гаргаж, доод зэрэглэлийн, өнгийн ноос ашиглах энэ хувилбараар 250 гаруй т ноосыг эргүүлэн ашиглав.
  • Япон улсын захиалгаар нарийн ширхэгтэй лам гөрөөсний ноосоор будаггүй ээрмэл үйлдвэрлэв.