УГАЛЗ ҮЙЛДВЭР

Үйлдвэрлэлийн технологийн хаягдлыг бүрэн ашиглах зорилгоор 1986 онд өөдөс хаягдлын цех байгуулсан нь өнөөгийн “Угалз” үйлдвэрийн үндэс суурь болсон билээ.

Нүүдэлчин Монголчуудын эртний үйлдвэрлэлийн нэг болох эсгий хийх уламжлалт аргыг орчин үеийн технологитой хослуулан Монгол, Итали мэргэжилтнүүдийн боловсруулсан загвар хийц бүхий 100% монгол хонины ноосоор хийсэн эсгий эдлэл үйлдвэрлэлийг тус үйлдвэр дэлхийн түвшинд хүргэж, бүтээгдэхүүнээ дэлхийн 10 гаруй улсад экспортолж байна.

Монгол хонины бүдүүн, бүдүүвтэр ноосоор хийсэн эсгий, эсгий эдлэл нь удаан эдэлгээтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн учраас хүн ба байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд зориулагдах төдийгүй Монгол орны өв уламжлал, нүүдэлчин соёл, сэтгэлгээний илэрхийлэл болох бэлэг дурсгалд ч тохиромжтой.

Ажиллагсдын тоо: 500 гаруй
Эсгийлэх цехийн хүчин чадал Жилд 60,000м гэрийн эсгий
Эсгий шаахайны цехийн хүчин чадал Жилд 25,000 хос эсгий шаахай, 12,000ш эсгий гудас, бусад эсгий эдлэл
Хаягдал боловсруулах цехийн хүчин чадал 180.0 мян. м2 барилгын дулаалгын материал
Бүтээгдэхүүн экспортлогч орнууд Голланд, Иcпани, Норвеги, Итали, Герман, ОХУ, Израйл, Казакстан, Япон, Америк

Дэвшилтэт техник, технологи

Эсгий нь ноосны агууламж, хольц, боловсруулалтын арга, технологиос улбаалан хөвөн мэт хөнгөн, зөөлөн эсвэл мод мэт хатуу, бөх болох чадвартай хувирамтгай бөс билээ. Эсгийний энэхүү олон талт чанарыг ашиглан тус үйлдвэр шинэ бүтээгдэхүүн бий болгох байнгын эрэл хайгуул хийдэг нь үр дүнгээ өгч, Америк, Норвеги улсад интерьер, чимэглэлийн зориулалттай эсгий хивс, эсгий хавтан, мөн унадаг дугуйны суудал үйлдвэрлэн нийлүүллээ.

Тус үйлдвэрийн хамт олон нано технологийн боловсруулалтын тусламжтайгаар эсгий, эсгий эдлэлийг улам бат бөх, илүү олон талаар ашиглах туршилт явуулсаар байна.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа

Тус үйлдвэр нь хаягдлыг бүрэн ашиглах урт хугацааны туршилт, судалгааны үр дүнд технологийн хаягдал, хоёрдогч түүхий эдээ дахин боловсруулан барилгын дулаалгын материал амжилттай үйлдвэрлэж эхэллээ. -30 хэмийн өвлийг туулдаг Монголчуудын хувьд тус үйлдвэр импортыг орлох цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ хаягдалгүй, цэвэр үйлдвэрлэлийн жишиг үйлдвэр болох алхмаа хийлээ.