НООС УГААХ ҮЙЛДВЭР
1993 онд ноос угаах дамжлага болон байгуулагдсан “Натурал Текстайл Групп”-ийн Ноос угаах үйлдвэр нь монгол хонины бүдүүн, бүдүүвтэр ноос, тэмээний ноос, сарлагийн хөөврийг анхан шатанд боловсруулан группийн Утас ээрэх, Хивс нэхэх, Угалз үйлдвэрүүд, түүнчлэн дотоод зах зээлийн хэрэглэгчдэд угаасан ноос нийлүүлдэг. Өнөөдөр тус үйлдвэр Монгол улсын хонины ноос бэлтгэлийн 35%-ийг дангаараа гүйцэтгэж байна.
Ажиллагсдын тоо: 100-120 хүн, үүнээс 40% нь 15-25 жил ажилласан
Ялгах цехийн хүчин чадал: Жилд дундажаар 4500-5000т хонины ноос (чанар, өнгө байдлаар нь 20-22 нэр төрлөөр),
45-50т тэмээний ноос, сарлагийн хөөвөр
Угаах цехийн хүчин чадал: Жилд 4400т угаасан ноос

Дэвшилтэт техник, тоног төхөөрөмж

Герман улсын “Флейснер” фирмийн барабант аргаар угаах технологийн 7 онгоц бүхий бүрэн автомат ажиллагаатай угаах шугамыг Монгол Улсад анх удаа 2014 онд суурилуулсан. Тасралтгүй жигнэгч конвейертэй энэ шугам нь ноосыг 45-58 хэмд тусгай угаагч бодисын тусламжтайгаар угааж, 75-95 хэмд хатаадаг.

Өмнө ашиглаж байсан шугамаас даруй 2 дахин илүү чадал бүхий тоног төхөөрөмж суурилуулснаар шавж болон цахилгаанжилтын эсрэг нэмэлт боловсруулалт бүхий угаасан ноосыг группийн үйлдвэрүүд, дотоод, гадаад зах зээлийн хэрэглэгчдэд өрсөлдөхүйц үнэ өртгөөр нийлүүлэх боломж нээгдлээ.

Байгальд ээлтэй технологи

“Флейснер” угаах шугам нь ноос угаасан бохир усыг урьдчилан тунгааж, шүүдэг тул өтгөрсөн хаягдлыг зориулалтын машинаар зөөвөрлөж, цэвэрлэх байгууламжийн ачааллыг эрс бууруулах байгальд ээлтэй технологи нэвтрүүллээ.