ХИВС НЭХЭХ ҮЙЛДВЭР

“Натурал Текстайл Групп”-ийн Хивс нэхэх үйлдвэр нь 1981 онд ашиглалтанд орсон цагаасаа монгол хонины ноосон утсаар байгальд сөрөг нөлөөгүй, хивс ба хивсэнцэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол улсын хөнгөн үйлдвэрийн чанар чансааг дэлхий нийтэд сурталчлан байр сууриа тодотгож ирсэн.

Ноосон хивс нь синтетик хивстэй адилгүй, тэсвэрлэх чадвартай, дулаан хадгалдаг, дуу чимээг намдаадаг, 30% хүртэл чийгийг өөртөө хадгалдаг, гал өдөөдөггүй, олон жилийн эдэлгээ даах чадвартай.

Монгол хонины ноосыг байгалийн өнгөөр нь ялган ямар ч будаг, химийн элементийн боловсруулалт хийхгүйгээр натурал өнгөөр үйлдвэрлэсэн хивс өнөөдөр гадаад, дотоодын хэрэглэгчдийн таашаалыг ихээр татсан шинэ, экологийн цэвэр бүтээгдэхүүн болж чадлаа.

Ажиллагсдын тоо: 300 гаруй
Хүчин чадал: Жилдээ 1,000 - 1,500 мян. м2 хивс

Дэвшилтэт техник, тоног төхөөрөмж

Хивс нэхэх үйлдвэр нь Герман, Англи, Япон, Бельги, Орос улсын өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Жил тутам өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд 2014 онд хийгдсэн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаас товч дурдвал:

  1. Бельги улсын Ван Де Вилл фирмийн UCI03 маркийн нэхэх машин. Тус үйлдвэрийн хүсэлтийн дагуу дэлхийд 10 хүрэхгүй үйлдвэрлэгдсэн 5м-ийн өргөнтэйгээр уг машиныг нийлүүлсэн нь Ази тивд анхны тохиолдол боллоо. Машины гарцын онцлог давуу талууд:
    • Илүү өргөн - 5 м ажлын өргөн
    • Илүү нягтрал - 1м2-д 1.0-1.2 сая үслэг гогцоотой
    • Илүү тансаг - Гогцоо болон хавтгай, зүсэгдсэн гадаргуутай 3 технологийг хослуулсан
  2. Турк улсын Анмак фирмийн суурь утас ороох машин - Хивсний хээ, зах муруй гарах, таших гэмтэл 20-30%-иар багасч, бүтээгдэхүүний чанар сайжирсан,
  3. Герман улсын Махло фирмийн хивсний хээний зах муруй тэгшлэх машин - Бүх төрлийн нэхэх машины суурь утсыг туузлах бус шууд ороох аргаар жигд таталттай, чанарын өндөр түвшинд бэлдэж, үйлдвэрлэлийн хүчин чадал 3-4 дахин нэмэгдсэн,
  4. Бельги улсын Тангэ фирмийн “7 толгойтой хагас автомат огтлох” машин, “Титан” фирмийн “4м өргөнтэй, нарийн захлах” машин - Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн бүтээгдэхүүний чанар сайжирсан,
  5. Хятад улсад үйлдвэрлэсэн шилжүүлэн ороох машин,
  6. Хятад улсад үйлдвэрлэсэн хатаагчтай хийн компрессор – Шинээр суурилуулсан UCI03 маркийн нэхэх машины ажиллагааг дэмжих, найдвартай ажиллагааг бүрэн хангах бөгөөд нэхэх машины механик болон электрон эд ангиудыг зэвэрч гэмтэхээс хамгаалах боломжтой.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа

Бүтээгдэхүүний дотоод гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр тус үйлдвэр хэрэглэгчдийн шаардлага, хэрэгцээг судалсны үндсэн дээр бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулсны заримаас дурдвал:

  • Дэлхийд цуутай ПЕРС хивс - Монгол хонины ноосыг торгон утастай хослуулан дэлхийд цуутай, сонгодог Перс хээг хивсэндээ урлаж, дотоод зах зээлд гаргаж байна.
  • Суудаг утастай хивс - Хонины ноосыг тусгай технологийн суудаг утастай хослуулан хивсний үслэг гадаргууд үсний өндөр, намын өвөрмөц эффект үүсгэсэн бүтээгдэхүүн
  • Саатай утас ашигласан хивс - Хивсний гадаргуугийн харагдах байдал нь хээнцэр, гоёлын шинж чанартай учраас орчин үеийн интерьерт илүү тохиромжтой.
  • Хавтгай нэхэлттэй хивс - Хивсний үслэг гадаргууг жигд бус болгож харагдах байдал, өнгө үзэмжийг илүү өвөрмөц чамин болгосон. Ердийн 8 өнгийн хивсэн дээр нэмэлт өнгө гаргасан.
  • 100% ноосон хивс - Хивсний үндсэн сүлжээний бөхөлгөөг бүрдүүлдэг импортын олсон ба хөвөн утасны оронд өөрийн үйлдвэрлэсэн ноосон үслэг утсыг ашигласнаар уг хивс нь шинж чанараараа гар хивстэй ижил төстэй болж, гадаадын захиалагч, болон хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татаж байна.
  • Байгалийн өнгөтэй хивс - Хонины ноосыг байгалийн өнгөөр нь ялгаж, химийн ямар нэгэн будагч бодис ашиглаагүй 20 гаруй загвар бүхий натурал хивсний цуглуулга гаргалаа.